Малчин-Робот бүтээж байна

2017-09-15

 

Австралийн ACFR (Australian Centre for Field Robotics) байгууллага хөдөө аж ахуйн салбарыг технологиор шинэчлэх төслийн хүрээнд мал хариулдаг робот бүтээж байна. Өмнөх шатандаа тэд бэлчээрийн гарц, чанарыг хэмжиж дүн шинжилгээ хийдэг робот бүтээж байсан бол одоо мал хариулангаа судалгаа хийдэг бүрэн автомат машин бүтээхээр болжээ. 2014 оноос хөгжүүлж эхэлсэн энэ роботыг ACFR байгууллага Shrimp хэмээн нэрлэж байв. Харин шинэ хувилбарыг 2 жилийн хугацаатай Австралийн Нью Соут Уэльс мужийн хэд хэдэн фермд туршиж эхлэхээр болоод байна.


Туршилтын хугацаанд робот нь малын эрүүл мэндийг хянах, идэшийг нь хэмжих зэрэг олон үйлдлийг гүйцэтгэж сурах юм. Дөрвөн дугуйтай робот маш олон тооны мэдрэгчийг агуулсан байх ба түүгээрээ мал бүрийн зан ааш, хөдөлгөөн, биеийн хэм зэргийг хэмжиж байх ажээ. Үүнээс гадна бэлчээрийн чанарыг тасралтгүй хэмжиж хянаж байх гэнэ. Өмнөх Shrimp загвар нь 20-150 толгой малыг хариулах чадвартай байсан бөгөөд шинэ хувилбарын чадлын талаар мэдээлээгүй байна. Хэрвээ энэ төсөл амжилттай болвол зөвхөн мал аж ахуй бус, зэрлэг ан амьтдын хяналтыг ч үүгээр гүйцэтгэж болохыг бүтээгчид нь мэдэгджээ.