Малын тоо толгой сүүлийн жилүүдэд нэмэгдсэн

2017-09-20

Малын тоо толгой сүүлийн жилүүдэд нэмэгдсэнээс гадна таван төрлийн малын харьцаа, сүргийн бүтцэд томоохон өөрчлөлт гарсан байна. 1926-1992 оны улсын мал тооллогын 66 жилийн дүнгээс үзэхэд сүрэгт бод мал 21.7 хувь, бог мал 78.3 хувийг эзэлдэг байсан бол 2016 оны байдлаар бод мал 13.2 хувь, бог мал 86.8 хувийг эзлэх болж, бод малын хувийн жин 8.5 пунктээр буурч, бог малынх 8.5 пунктээр нэмэгджээ.

Дөрвөн бог мал тутмын гурав нь хонь, нэг нь ямаа гэсэн харьцаатай өсгөн үржүүлж ирсэн олон жилийн уламжлал маань сүүлийн 10 жилийн дунджаар авч үзэхэд 2 хонь 2 ямаа гэсэн харьцаатай болж өөрчлөгдсөн байна.

 

Image may contain: sky, outdoor and nature

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд тэмээний тоо толгой дунджаар 2.2 дахин буурсан байхад ямааны тоо 4.1 дахин нэмэгджээ. Үүний дүнд бог малын 25.4 хувийг эзэлж байсан ямааны тоо 50.0 хувийг эзлэх болсон байна. Ямааны тоо толгойн эрс өсөлт 1993 оноос эхэлж, ноолуур үнэд орсонтой холбогдон 1994-2004 онд дунджаар хонины тоонд дөхөж очин, 2005-2016 онд хонины тоо толгойтой дүйцсэн байна.

Бог малын 75.0 орчим хувийг хонь, 25.0 орчим хувийг ямаа эзэлж байх үед сүргийн бүтэц болон малын бэлчээр ашиглалтад зохистой байжээ. Гэтэл дээрх уламжлалт харьцаа алдагдсаар 20 орчим жил болж байна.